O.B : Бодит амьдралд тавтай морил!!!

Бодит амьдралд тавтай морил!!!

Өнөөдөр блог дээрээ юм бичмээр санагдлаа. Сүүлийн үед заримдаа өөрийнхөө хийсэн зүйлс зөв эсэх тал дээр эргэлзэж байна. Сургуульд сурч байхдаа өөрийгөө юмны учир утгыг ойлгож эхэлж байна, юмны наад цаадхыг ойлгож эхэлж байна, өөрийгөө хөгжиж байна гэж боддог байсан ч сүүлийн хэдэн сарын хугацаанд өөрийгөө бас л ногооноороо түүхий байгааг мэдлээ. Хүний амьдралд амьдрах туршлага гэдэг зүйл их хэрэг болдог юм байна. Өдий наслахдаа мэдсэн сурсан мэдэрсэн зүйлс бас л хангалтгүй санагдаж байна. Хүн ер нь юу сурах ёстой юм бэ? Хүн ер нь яаж амьдрах ёстой юм бэ? Заавал хүн амжилтад хүрч амьдрах ёстой юм уу? Заавал бусдын хүссэний дагуу амьдрах хэрэгтэй юм уу?

Одоо үнэндээ амьдралынхаа цаашдын чиглэлийг тодорхойлох шийдвэр гаргаж тэр замаараа тууштай явах хэрэг гарлаа. Гэтэл би яг ямар шийд гаргахаа өөрийн дотор бодогдож буй хувилбаруудаасаа алийг нь сонгохоо мэдэхгүй байна. Аль нь ч зөв юм бэ дээ гэсэн бодол өдөр шөнөгүй бодогдоод тайван ч байж чадахгүй.

Хамгийн эхний шийдэх ёстой зүйл нь ажил. Ажил сая хийж байсан ч нэг дасаж өгөхгүй, үнэндээ би ийм зүйлийг цаашдаа хийх итгэл над байхгүй байсан учраас ажлаасаа гарчихлаа. Тэгсэн чинь ажлаасаа гарчихсан чинь дараа нь ямар ажил хийх вэ гэдэг тал дээр бодох хэрэг боллоо. Яг юу хийх талаар бодоод л сууж байна. Миний хийх ёстой ажил гэвэл ямартай ч бизнесийн салбар бус, үйлчилгээний салбар бус, юмыг чиглүүлэх шинэ санал санаачилга гаргах, хүмүүсийн оюун сэтгэлгээ, амьдралд туслах тийм салбар л миний хийх ёстой ажил юм байна. Тэгтэл миний хүссэн ажил намайг авах эсэх нь эргэлзээтэй. Болдогсон бол заримдаа НҮБ-д ажилд орчих юмсан. Эсвэл улаан загалмай гэх мэт төрийн бус байгууллагуудад ороод хил дамнасан олон улсын тусламж үзүүлдэг ажилтан болох ч хүсэл төрөх юм. Өмнөх ажилдаа 1 сар ажиллах хугацаанд ойлгосон гол зүйл нь өөрийн сонирхдог зүйлээ хийх нь хамгийн зөв юм байна. Сонирхохгүй зүйл, хамт олны уур амьсгал таагүй орчинд ажиллана гэдэг өдөр хоногийг яаж өнгөрөөх вэ гэсэн бодолд автаж эхэлдэг. Би өглөө бүр ажил руугаа алхаж явахдаа бурхан минь би яг одоо юу хийгээд байгаа юм бэ? гэсэн бодол хүртэл төрж байсан. Тэгтэл энэ ажлаасаа гарсны дараа санхүүгийн байдал шууд зогсчихсон. Тэгээд буцаад ажилдаа ордог ч юм билүү гэсэн бодол ч төрлөө. Хэрвээ буцаад орлоо гэхэд дахиад л өмнөх бодлууд орж ирэх болов уу яах бол гэж бас бодох юм. Намайг ажлаасаа гарчихсан гэсэн чинь их сургуулийн нэг найз маань ямар тэнэг юм бэ ажил олдохгүй байх чинь гэж зэмлэж байсан. Магадгүй би дараа нь юу хийх гэж бодолгүй хэтэрхий хөнгөн хийсвэрээр бодож, тухайн бодит байдал ямар байгаа билээ гэдгийг сайн ойлголгүй ухааралгүй хэтэрхий огцом шийдвэр гаргасан ч юм шиг санагдаад гаргасан шийдвэртээ эргэлзээд, зарим үед бүр тэр шийдвэртээ харамсаад байх юм.

Ямартай ч ажлын асуудлыг ирэх долоо хоногоос шийдэх бодолтой байна. Яагаад ч юм ажлын талаар санаа зовж байгаа ч дотроо нэг л энэ асуудал нэг их төвөггүй шийдэгдчих юм шиг санагдаад байх юм.

Миний хамгийн их санаа зовоож байгаа зүйл нь цэргийн асуудал л болоод байна. Цаашдаа яах вэ, цэрэгт явах уу аль эсвэл явахгүй юу? Одоо л энэ 10 сар гэхэд энэ талаарх цаашдын баримталж явах шийдвэрээ гаргахгүй бол ирээдүйн талаарх зүйлдээ сэтгэл тайван байж чадахгүй байна. Байнга л цэргийн асуудал намайг түгшээж байна. Үнэндээ явсан нь зөв үү эсвэл яваагүй нь зөв үү гэдэг бодлууд эргэлдээд байна. Зарим хүмүүс болохоор явсны хэрэггүй нэг жил алдахын нэмэр гэх юм. Харин зарим нь эртхэн яваад ирчихсэн нь дээр гэх юм. Нэг жил алдахын нэмэр гэж хэлж байгаа хүмүүс нь цэрэгт яваад ирчихсэн хүмүүс хэлж байна гэх юм. Тэгэхээр ортой л байж таараа. Харин эртхэн яваад ир гэж байгаа хүмүүс нь огт явж үзээгүй, цэргийн талаар бүр надаас дор ойлголттой хүмүүс байх юм. Тэгэхээр яваагүй нь ч зөв юм шиг. Тэгээд явахгүй байя гэхээр яаж явахгүй байх вэ гэсэн арга хэрэгтэй болно. Тэгтэл миний хувьд хамгийн зөв гарц нь их сургуульд дахин сурах л болж байх шиг байна. Хэрвээ цэргийн штабад сайн таньдаг хүнтэй бол сураг дуулаад байхад зохицуулдаг л гэх юм. Их сургуульд дахин сурах хүсэл нэг их алга л байна. Яагаад гэвэл Монголын их сургуулийн чанарын талаар өөрийн биеэр 4 жил туулаад амсчихсан хүн чинь сурлаа гээд нэг их өөрчлөгдөх зүйл байхгүй гэж бодож байна. Тэгтэл цэрэгт явахгүй байя гэвэл дахин сурах л хувилбар над үлдэж байх шиг байна. Дахин суръя гэхээр мөнгө хаанаас яаж олох вэ? гэдэг бас л асуудал. Одоо гэр бүлийн санхүүгээс миний төлбөрийг төлнө гэдэг бол бараг л төвөгтэй асуудал болоод байна. Би сурвал өөр мэргэжлээр л сурах хүсэлтэй бөгөөд хэрвээ тэгвэл 1 жил бэлтгэл гэж сурах ёстой юм байна лээ. Тэгтэл тэр бэлтгэл 1 жилийн хичээллэх цагийн хуваарь өдрийн цагаар буюу нэг үгээр хэлбэл ажлын цагаар байвал би яана гэж бас санаа зовж байна. Одоо бол дан сурах ямар ч боломжгүй, заавал ажил хийгээд зав зайгаар нь сурахгүй л бол болохгүй, тэгж байж л их сургуулийн төлбөрийг төлнө. Тэгтэл эхний нэг жил байгууллагад ажилд орчхоод өдрийн цагаар хаяж гүйгээд байвал хэцүү шүү дээ. Энэ янзаараа явбал нэг их удалгүй халагдах байх. Би үнэндээ одоо ажилд орвол цаашдаа тухайн байгууллагадаа насаараа ажиллах тийм л зорилготой байна. Хуучин ажлын маань захирал над нэг удаа ингэж хэлж билээ –Хүн ажил солиод л яваад байдаг, тэгтэл нэг ажил солиод л магадгүй 2, 3, 4 ажил солиод л байна тэгэх тусам дараагийн ажлын байрны хаалга төдий чинээ хаагддаг гэж хэлж байсан. Энэ үнэхээр үнэн үг мэт.

Над бас нэг ойлгогдсон зүйл нь байгууллагын цалинг харж ажилд орохоосоо илүү

1. Ажлын цаг нь ямар юм бэ? Амралтын хуваарь нь ямар юм бэ?

2. Байгууллагын хангамж нь ямар юм бэ? Тухайн байгууллагын зорилго нь юу юм бэ?

3. Тухайн байгууллагын хамт олон нь ямар юм бэ? Хамт олны гол нь уур амьсгал нь ямар бол гэсэн бодлууд хамгийн түрүүнд ажилд ороход анхаарах зүйлс гэж бодож байна.

Хэрвээ эдгээр зүйлс эерэг байвал байгууллага аяндаа цааш хөгжиж төдий чинээ цалин мөнгө нэмэгдэх учраас юу юуны түрүүнд мөнгө бодож ажилд орж болохгүй мэт. Би урьд нь цалин л дажгүй байвал хаана ч юу ч хийж байсан яах вэ гэж боддог байлаа. Тэгтэл яг бодит байдал дээр миний хувьд ажиллахад хичнээн цалин авлаа ч өдөр хоногийг яаж өнгөрөөж байна, би үнэхээр юм сурч байна уу, ажлын зав зайгаараа чи өөрийн сонирхдог зүйлсээ хийж чадаж байна уу гэдэг тал дээр дахин сайн бодох хэрэгтэй юм байна гэдгийг ухаарсан. Гэхдээ энэ ухаарал одоохондоо зөв мэт санагдаж байгаа ч цаашдаа зөв байх эсэхийг би сайн мэдэхгүй л байна. Магадгүй гэнэн цайлган ямар ч амьдралын туршлагагүй залуу насны бодол байж дээ гэж бодох өдөр ирж болно шүү дээ.

Би амьдралын талаар гэгээлэг мөрөөдөлтэй байдаг ч бодит амьдрал дээр миний тэр мөрөөдлийг газар няц гишгэх гэсэн мэт тэс өөр байх юм. Саяхан АНУ-ын найзууд олон ангит киноны хамгийн эхний ангийг үзэж байхад Rachell аавынхаа тэтгэлгээр амьдрахаа болиод өөрөө ажил хийж эхлэхийн тулд өөрийн төлбөрийн картуудаа хайчилдаг хэсэг байдаг. Тэр өөрөө үүнийг хийхийг хүсэхгүй байсан ч найз нар нь түүнийг ингэхийг ятгадаг юм. Харин хайчилсны дараа Monica, Rachell-д хандаж “Welcome to the real world” гэж хэлэхэд нь бурхан минь ямар үнэн үг вэ гэж бодсон.

Хүн ямартай ч санхүүгийн эрх чөлөөнд хүрч байж арай л тайвширдаг юм байна гэдгийг одоо яс махандаа хүртэл мэдрэн ойлгож эхэлж байна. Ингэж бодит амьдралын үнэнийг ойлгосны дараа эцгийгээ ямар агуу хүн бэ гэж бодох юм. Өдий зэрэгтэй энэ их асуудлыг шийдээд, хэдэн хүүхдээ эрүүл энх дутаах зүйлгүй өсгөснийг нь бодохоор бахдах шиг болох юм. Би үнэндээ хэн ч биш арчаагүй зүгээр л эрхийн мангар жаал байж.

Би ном уншиж суухдаа нэг удаа би ер нь ямар ч орлого олохгүй байж яагаад зүгээр ном уншаад суугаад байгаа юм бэ? гэсэн бодол төрлөө. Өчнөөн л ном уншаад л байдаг уншаад л байдаг ухаараад л байдаг ухаараад л байдаг яг бодит амьдрал хүн түүнийг чинь үнэлэхгүй бол чи цааш ямар ч орлогогүй ажилгүй байж зүгээр л ном уншаад суухын хэрэг юу байна. Гэртээ зүгээр л ном уншаад л байхад чинь идэх хоол талх чинь өөрөө орж ирэхгүй шүү дээ. Ном бол хамгийн дээд бус хүний ердөө хэрэгсэл юм байна гэсэн дүгнэлт бас хийлээ.

Хэрвээ их сургуулийн бэлтгэл 1 жилийн хичээл оройн цагаар орно гэх юм бол яаж ийж байгаад мөнгө олоод оройд нь хичээлдээ суугаад өдөр нь ажлаа хийгээд, тэгэхээр цалингаа ч аваад, сургуулийн төлбөрөө ч төлөөд, цэргийн албанаас ч чөлөөлөгдөөд болох байх гэж бодож байна. Энэ бол эхний хамгийн боломжит хувилбар.

Дараагийн хувилбар нь хэрвээ их сургуульд сурах боломжгүй болбол ямартай ч хүссэн ажилдаа орохыг хичээнэ, хүссэн ажил гэдэг нь дээрх 3 зүйл болон ерөнхийдөө өөрт юм сурах, миний ирээдүйн төсөөлж байгаа хүрэх өндөрлөгт хамааралтай зүйл байвал хийнэ дээ. Бүр хүссэн ажилдаа орохгүй байвал олдсон хэдээсээ хамгийн боломжтойг харж байгаад л сонгохоос өөр аргагүй. Хүн хүсэхэд бурхан хясдаг гэдэг үг бас байдаг. Заримдаа ортой үнэн үг мэт санагддаг.

Хэрвээ огт ажил олдохгүй бол яах вэ гэсэн бодол бас төрөх юм. Гэхдээ ямартай ч одоохондоо 2 ажлын санал байгаа гэхдээ нэг нь бүр 12 сард, нөгөөх нь удахгүй 1 сарын дараа байдаг. 12 сард эхлэх ажил нь миний уг нь насан туршдаа хийх ажил маань. Хэдийгээр цалин мөнгө нь тийм сайн биш ч гэлээ хийх зүйл, түүний үр дүн нь маш өргөн цар хүрээтэй юм. Маш их эргэлзээд л байдаг тэгтэл цаг хугацаа түүнээс хурдан урсан өнгөрөөд байдаг. Яадаг ч юм билээ дээ.

Буцаад хуучин ажилдаа орлоо гэхэд би тэр орчинд ажиллаж чадах уу, тэр ачааллыг дааж чадах уу, тухайн байгууллагад бүх зүйлээ зориулаад ажиллаж чадах уу, тухайн ажил миний хийх ёстой ажил цаашдын амьдралын баталгаа болж чадах уу, би тухайн байгууллагад юу хийж өгч чадах вэ, тухайн ажиллах салбар маань миний хийх ёстой ажил мөн үү. Мэдээж амжилт гаргаад амьдралаа босгочихсон хүмүүс үүнийг уншаад ямар гэнэн бодолтой залуу вэ гэж бодох байх. Хүмүүс олдсоноо голж шилэлгүйгээр хийгээд л болж байхад би бас заримдаа хэтэрхий том зүйл бодоод хий мөрөөдөөд байгаа мэт санагдах юм. Гэхдээ ажил хийнэ гэдэг хүүхдийн тоглоом биш, бас зүгээр л нэг хаяад солиод байдаг хувцас биш шүү дээ гэх бодол бас л төрөх юм. Энэ бүхнийг шийдэхэд амьдралын туршлага гэдэг зүйл маш их дутагдаж байна.

Гэхдээ би бууж өгөхгүй ээ. Ямартай ч бүх асуудлаа шийднэ. Хүмүүс шийдээд л болоод л байна. Тэдэнд ч гэсэн ийм үе зөндөө л тохиолдож байсан биз. Хамгийн гол нь өөрт хамгийн зөв гэсэн шийдвэрээ гаргаад тууштай явахаас өөр арга зам над үлдээгүй. Тийм учраас өөрийнхөө амьдралыг бүтээн босгохын тулд хөдөлмөрлөхөөс өөр аргагүй. Хөдөлмөрлөнө гэдэг маш том зүйл гэдгийг урьд нь төдийлөн сайн ойлгодоггүй байж. Үгний утга учрыг ойлгож мэдэх би бас л болоогүй л байна даа.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Бямбаа (зочин)

Би бас яахаа мэдэхээ байчихлаа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)